С.Баярсайхан: Дэлхий нийт нэг платформ бүхий эдийн засагтай болж байна

"Энд хэн оролцож, түүнийг хэрэглэж, ашиглаж байна тэр бусдаас хоцрохгүй, түрүү явж амжилтай байх магадлал боломжтой болж ирж байна"

“Интернэт худалдааны хоёрдугаар конференц-Улаанбаатар-2016” (eCommerce UB) энэ оны аравдугаар сарын 28-нд Тусгаар тогтнолын ордонд болох гэж байна. Энэ талаар зохион байгуулагч “BayarAgency”-гийн захирал С.Баярсайханаас тодрууллаа. Тэрээр Монголд анх удаагаа контент бүтээгчдийн чуулганыг санаачлан мөн зохион байгуулсан юм.

-Өнөөдөр дэлхий нийтээр цахим бизнес хүч түрж байна. Энэ талын ойлголт манайд хэр байна?

-Юуны өмнө бидний зохиож байгаа арга хэмжээ энэ жил хоёр дахиа болох гэж байна. Өмнөх чуулганаар бид чухам энэ талын ойлголт ямар байгааг нэгдсэн байдлаар харсан.

-Тэгээд ямар байх юм?

 -Өнгөрсөн жил манай чуулган МҮХАҮТ дээр болсон. 220 гаруй оролцогч олон илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнөсөн. Бид өмнөх арга хэмжээг интернэт худалдааг сонирхож буй хүн манайд хэр байна, энэ талын нэгдсэн ойлголт ямар байна гэдгийг тандах гэж зохион байгуулсан. Ингэхдээ нэгд, интернэтийн сүлжээ-программ хангамж, хоёрт, банкны төлбөр тооцоо, гуравт, логситик даатгал, дөрөвт, худалдаа-үйлдвэрлэл эрхлэгчид гэж авч үзсэн. Монголд анх удаа гэдгээрээ дээрх салбарынхан нэг дор цугларч, интернэт худалдаа гэдгийг бүхлээр харахыг зорьсон.

Өмнөх оролцогсдын 40 гаруй хувь нь компанийн захирлууд байсан нь юуг харуулж байсан гэхээр интернэт худалдаа руу орохыг эдгээр тэд сонирхож байна. Нөгөө талаар бизнес эрхлэгчид интернэт худалдаа олон улсын түвшинд болон манайд ямар байгааг өмнөх чуулганаас ойлгосон. Эндээс үүдээд бид энэ салбарыг цааш хөгжүүлж явах ёстой юм байна гээд “Цахим бизнес хөгжлийн төлөө” ТББ байгуулсан.

-Ойлголтын хувьд олон нийт ямар байх юм? Энэ талаар жаахан тодруулна уу?

-“Цахим бизнес” гэдэг дотроо нэг талаасаа технологи, нөгөө талаасаа контент юм. Энэ хоёрын нийлэмж нь орчин үеийн, өнөө бидний үеийн маркетингийн чиг хандлага болоод байна. Манайд болж байгаа маркетингийн олон конференц, уулзалт дээр ямар дүгнэлт гарч байна гэхээр технологи дээр нэмэх нь бүтээлч контент хийж маркетингийн гол томъёолол гарч ирж байна.

Эндээс монголчууд бид гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах хэрэгтэй харагдаж байна. Энд бидний давуу тал, өрсөлдөх зүйл юу байна гэхээр жишээ нь, манай чацаргана, ноолуур болон гоо сайхны зэрэг эко, органик бүтээгдэхүүнээ үндэсний брэнд болгон дэлхийн зах зээлд гаргая. Цаашлаад аялал жуулчлал, мөн залуусын хийж байгаа уран бүтээл болох комик анимейшн зэргээр гарч болно. Монголоос өрсөлдөх чадвартай ямар л бүтээгдэхүүн байна, тэдгээрийг гаргая. Жишээ нь, өнөөдөр түвдүүд манай жамц давс шиг жижиг давсыг гоё шилэн саванд хийж сайхан шошго ярлыктайгаар Америкт гаргаж байна. Боловсруулалт хийгээгүй эко хүнс гэдгээр. Ашиг тусыг тодорхой хэмжээнд маркетинг хийж таниулаад бүтэн контект хэлбэрээр гаргачихаж байна.

Эндээс юу хэлэх байна гэхээр бид аливаа бүтээгдэхүүн-үйлчилгээг хүнд таниулья гэвэл эхлээд контент болгоё. Өнөөдөр бид “Iphone”, “Samsung” зэрэг гар утасыг яагаад аваад байна гэхээр бид тэдгээрийг сайн мэдэхгүй хэрнээ л бариад байгаа нь бидэнд цаанаас байнгын түмэн мэдээлэл шидэж өгдөг. Энэ нь бидэнд бүтээгдэхүүн гэдэг контент юм, түүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргахын тулд таниулах ёстой, ингэхийн тулд технологи ашиглан бүтээлч хамтын ажиллагаа үйлдвэрлэл хийж байж амжилтанд хүрнэ гэдэг гаргалгаа гарч байна. Ийм зүй тогтлыг 2016 оны маркетерууд томъёолж гаргаад байна.

Өнөөдөр манайхан нэг бүтээгдэхүүн хийгээд гаргалаа гэхэд “заавал” дэлгүүрт зарж борлуулна гэдэг. Гэтэл өнөөдөр бид тэлж буй дэлхийн даяаршилд хүссэн хүсээгүй татагдан орж байна. Тэр нь тэр чигээрээ сошиал медиа. Дэлхий платформ эдийн засагтай болчихоод байгаа. Энд бид өөрсдөө мэдэхгүй хэрнээ орчихоод байна. Өнөөдөр бидний бүх ажил ухаалаг гар утас, цахим сүлжээгээр өөрийн эрхгүй явагдаж байна. Энд бүгд бид технологи ашиглаж байгаа бөгөөд хэн түүнийг хэрэглэж, ашиглаж байна тэр бусдаас хоцрохгүй, түрүү явж амжилтай байх магадлал боломжтой болж ирж байна.

Тухайн хувь хүн дээр, тухайн бизнест ч тэр бүх зүйл дээр. Дүгнэж хэлэхэд цахим бизнес, цахим талбар (платформ) бидний ирээдүй болчихоод байна. Тодорхой жишээ хэлэхэд өнөө бид эмчид үзүүлье гэхэд дэлхийн хаана ч байсан орон зай үл хамаараад платформ ашиглаад өөр газар байгаа эмнэлэгтэй холбогдоод үзүүлчихэж байна. Мэдээж энд нэгдсэн нэгплатформ байна, тэр рүү орохын тулд тодорхой хэмжээний хураамж төлнө. Платформ таныг хүссэн газар, хүссэн эмчтэй чинь холбоод өгнө. Өнөөдөр дэлхий нийт ийм хавтгай нэг талбар болчихоод байна. Энд бид, манайх шиг жижиг үндэстэн орон хүссэн хүсээгүй, төр, засаг нь ч тэр, хувь хүн, бизнес ч тэр бүгд хамрагдан орно.

-Та бүхний эхний арга хэмжээнээс нэгдсэн нэг ойлголт, зохион байгуулалтанд хүрч. Өнөөдөр бид таны хэлсэнчлэн гар утсаараа байр, цахилгааны төлбөрөөс аваад банк байтугай автобус унаандаа карт хэрэглэх гээд өдөр тутмын амьдралынхаа төрөл бүрийн үйлчилгээ авч байна. Гэхдээ манайд яг гол чиглэл болох интернэт худалдаа тэр бүр хөгжихгүй, хүртээмжгүй байна. Энэ юундаа байна вэ?

-Нэгд, интернэт худалдаа гэдэг өөрөө итгэлцлийн асуудал юм. Бид уламжлалт байдлаараа юмыг заавал үзэж харж “тэмтэрч” авдаг заншилтай. Энэ бол зөвхөн Монгол хүний зан чанартаа биш, дэлхий нийтээр судлаад үзэхээр тийм байгаа юм. Хэдийгээр хүн ам ихтэй ч хөгжиж байгаа манай урд хөрш Хятадад гэхэд хүн амын хөгжлийн ерөнхий индексээр нь аваад үзэхээр энэ тал дээр манайхнаас муу, тааруу үзүүлэлт гарсан. Тэгсэн хэр нь тэнд интернэт худалдааг албаар оруулж ирж, хүчээр хамруулж байна.

-Яаж?

-Энд хэрэглэгчийг сургаж бэлтгэх гэдэг дээр компаниуд нэгдсэн ойлголт бүхий байдлаар ажиллах хэрэгтэй гэсэн хандлага гарч ирж байна. Ухаалаг утас ашиглуулахын тулд хэрэглэгчээ бэлдэх гэдэгтэй адил. Технологийн ард заавал сургалт байдаг нь бичигдээгүй хууль юм. Тэгэхээр бид технологи эзэмшүүлж интернэт худалдааг нэвтрүүлж хөгжүүлье л гэж байгаа бол гурван сая иргэнээ сургах хэрэгтэй болж байгаа юм. Түүнээс бид интернэт худалдаа хөгжихөд манай хөрс суурь, платформ, дэд бүтэц, зах зээл нь хөгжчихсэн, бүгд бэлэн байна. Гэхдээ дутагдаж буй зүйл бий. Энэ нь шинэ хөгжиж буй энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байна, мөн хуулийн зохицуулалт буюу эрхзүйн таатай орчин хэрэгтэй байна.

-Одоо болох чуулганы ач холбогдол юунд байна?

-Энэ удаагийн чуулганаар бид “Хамтдаа шийдье!” гэдэг уриан дор асуудлаа дахин ярилцаж гарсан шийдвэр гарцуудыг манай ТББ хариуцан хэрэгжүүлээд авч явах юм.

Тодруулга: Интернэт худалдааны хоёрдугаар конференц дээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цахим бизнес ба боломж” сэдвээр, “Алибаба” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Тэсо” группийн төслийн ерөнхий менежер В.Мөнхбаяр “Экспорт, импортыг “Алибаба”-гаас: Олон улсын онлайн худалдааны чиг хандлага” сэдвээр, “Эй Пи Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Жамъянмядаг “Эх орны үйлдвэрлэл гадаадын зах зээлд өрсөлдөх нь” зэрэг сэдвээр илтгэл тавина. Энэ удаагийн арга хэмжээг “BayarAgency”, Монголын Үндэсний Маркетингийн холбоо зохион байгуулж,  “Тэсо” групп, “MMarket”, “Грийн софт” зэрэг олон байгууллага ивээн тэтгэж байна.

Эх сурвалж: "Бизнес Таймс" сонин