Олон сувагт худалдааны процессыг удирдах нь

Гар утас, интернэтийн хэрэглээ нь өнөөгийн худалдан авагчийн худалдан авалт хийхдээ ашигладаг хэрэгсэл болсон. Энэ нь зөвхөн интернет худалдаа эрхлэгч төдийгүй орчин үеийн худалдаа эрхлэгч, тэр тусмаа олон сувагт худалдаа эрхлэгчдэд өөрийн стратегийг эргэж харах, бизнесийн загвар, үйл ажиллагаагаа шинэчлэх хэрэгцээг үүсгэж байна. Худалдан авагчтайгаа харилцахад ганц суваг хангалтгүй болж интернет худалдаа эрхлэгчид бодит бараа хүргэлт рүү, дэлгүүрийн худалдаа эрхлэгчид интернэтээр холбогдох арга зам эрэлхийлж байна. Энэ сорилт нь худалдан авагчийн чиг хандлагад нийцсэн шийдлийг дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгтэй болж байна.

Дээрхи нөхцөл байдалд байгууллагуудад дараах гол асуудал тулгарч байна. Нэгдүгээрт, хэрэглэгчдэд руу чиглэсэн олон сувагт маркетингийн үйл ажиллагаа явуулах, Хоёрдугаарт, олон сувагт худалдааны загварт нийцсэн ханган нийлүүлэлтийн сувгийг зохион байгуулах юм. Улмаар борлуулалтын хэмжээ нь эдгээр чиглэлийг хэрхэн худалдан авагчийн хүсэл шаардлагад нийцүүлэн хийснээс шалтгаална.

Маркетингийн үйл ажиллагаанд дараах шаардлагууд тавигдаж байна. Үүнд:

  • Одоогийн хэрэглэгчиддээ шинэ мэдээллийг тогтмол хүргэх
  • Хэрэглэгчтэй холбоо тогтоох, хэрэглэгчийн хандалт бүрийг бүртгэх
  • Дэлгүүрт явагдаж байгаа урамшуулал, хөнгөлөлтийг интернетээр худалдан авалт хийхдээ эдлэх
  • Худалдан авалтын хэв маягийн дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийх

Ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаанд дараах шаардлагууд тавигдаж байна. Үүнд:

  • Интернетээр захиалсан бараагаа бодитоор харж, үзэж сонголтоо хийх
  • Дэлгүүрт харсан барааг интернэтээр захиалж хүргүүлэх
  • Хайж байгаа бараа нь аль дэлгүүрт байгаа эсэх, ямар үнэтэй байгаа мэдээллийг авах
  • Интернэтээр барааг захиалах үед дэлгүүрийн барааны үлдэгдэл дээр тулгуурлан захиалгыг баталгаажуулж авах

Энэхүү илтгэлдээ бид интернет худалдаа эрхлэгч олон сувагт худалдааны загварт нийцүүлэн ханган нийлүүлэлтийн сувгаа хэрхэн зохион байгуулсан, дэлгүүрээр худалдаа эрхлэгч хэрхэн олон сувагт болсон кейсийг үзүүлнэ. Мөн бид олон сувагт худалдааны байгууллагад зориулсан нэгдсэн шийдлийг хэрхэн нэвтрүүлсэн тухай өөрийн туршлагаа хуваалцах болно.

Технологийн хөгжил асар хурдацтай явагдажбуй өнөө үед бизнесийн байгууллагууд үүнтэй хөл нийцүүлэн өөрчлөгдөх шаардлага тавигдаж байна. Технологийн дэвшлийг амжилттай нэвтрүүлсэн байгууллагууд зах зээлд улам өргөжин тэлсээр байна. Энэхүү чуулга уулзалт нь байгууллагын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм.